Хүндэт авхай таны энэ мөчийн амар амгаланг айлтгая. Шинэхэн блогийнхоо зулайг мялааж эмэгтэйчүүд бидний үнэ цэнийн талаар тунгаан хөөрнөлдөхийг хүслээ.
Эртээ эртийн дээр үед эм хүйстэн болж төрсөн л бол нэг бол эхнэр болж эр нөхрийн өмч, нөгөө бол эд бараа болж зах дээр борлогдох гэсэн хоёрхон сонголттой байжээ хөөрхийс. Гоо үзэсгэлэн л "бараа"ны үнийн гол чинжүүр болно. Яагаав кинон дээр гардагдаа: сайхан сайхан морьдийн дуудлага худдалдаа болон бужигнаж байхад, хажууханд нь хүүхнүүдэд үнэ хаян чинээлэг эрчүүд пээдэгнэнэ. Царай зүс, бие хаа тэгш нэг нь аз таарвал Ну А үгүй бол шивэгчин, эсрэг нь тэрэгний морь шиг хамаг л хүнд хэцүү ажлын боол болно. Тэр үеэс л юм болов уу, эмэгтэй хүний сайхан төрх гоолиг биеэрээ эд баялаг, эрх мэдлийг гартаа оруулах элдэв арга мэх сэдэх болсон нь...
Үүнээс болоод ч юм уу, хүмүүс эмэгтэйчүүдийг зальтай адтай гэж үзэх хандлагатай байдаг. Гэвч яаг үнэнийг хэлбэл, ухаалаг чадварлаг эмэгтэйчүүдийг мянга мянган жил эрхэндээ байлгаж чадсныхаа хувьд эрчүүдэд л энэ нэрийг зүүвэл зохилтой.
Эрх чөлөөний бэлэгдэл болсон Америкад дөнгөж 1919 онд л анх эмэгтэйчүүд сонгох эрхээ олж авсан байдаг. Тэрнээс өмнө бол гэрлэсэн эмэгтэй хүүхдүүдийн хамт нөхрийнхөө "Өмч". 1919 оноос хойш зөвхөн сонгуулийн эрхээр ханалгүй, эмгэтэйчүүдийн хөдөлгөөн улам бүр идэвхижиж, жараад он гэхэд л эрчүүдтэй эн зэрэгцэх эрхээ хуулиар баталгаажуулаад авсан. Дөнгөж хагас зуун л өнгөрөхөд гайхалууд, түүхийн хуудсанд дурдагдалгүй өнгөрсөн өмнөх үеийн эмэгтэйчүүдийн хариуг авах мэт эр хүнтэй аль ч чиглэлд ана мана үзэлцэж, өнөөдөр бүүр Америкийн Нэгдсэн Улсын тэргүүний суудлыг хүртэл булаацалдаад л авсан.
Дараа сонгуулиар ялалт байгуулбал, Хиллари Клинтон хэтрүүлж хэлбэл дэлхийг захирах нь ээ.
Монгол эмэгтэйчүүдийн хувьд гэвэл Их Гүрний хатад эр нөхрийнхөө зөвлөх үүрэг гүйцэтгэдэг байсан гэгдэх ч энгийн гаралтай бүсгүй хүн эд бараа мэт л байсантай маргашгүй. Богтлох ёс, зарц боол гээд л баримт байгаа юм чинь.
Марксын ачаар гэх үү, амьдралын шаардлагаар гэх үү, соцализм ноёрхсон он жилүүдэд монгол эмэгтэйчүүд ажилчин ангийн идэвхитэй гишүүн болон тодорч, нийгэмд байр суурь эзлэх болсон. Эрдэм ном эзэмшиж мэдлэг чадвараар ч эрчүүдтэй эн зэргэцэх болсон. Би коммунист биш ч энэ бас л үнэн.
Харин та өөрийнхөө одоог эрх чөлөөтэй бөгөөд эр хүнтэй эрх тэгшээр нийгмийн баялагийг хүртэж байгаа гэж бодож байна уу? Магад тийм гэж хариулах байх. Гэтэл цаана чинь одоогийн охид бүсгүйчүүдийг харааж зүхээд бүхэл бүтэн сайт хүртэл нээчихэж. Эрээ цээрээ алдсан чинь хохь гээд нүцгэн шалдан зургийг нь түмний хүртээл болгож. Дүрсгүйтээд авахуулсан зураг ч юм уу, согтуугийн алдаа ч юм уу, хэн мэдлээ. Энэ мэтчилэн буруу мэдээллээр хүмүүсийн тархийг угааж байгааг зүгээр хараад сууж тэсэлгүй даруу төлөв бүсгүйчүүдээ өмгөөлмөөр бодогдсон маань энэ блогоо нээх нэг сэдэл, хүчирхэг бөгөөд эрх чөлөөтэй бүсгүй болохын тулд хэрхэхээ эргэцүүлж бусадтай үзэл бодлоо хуваалцаж, дэм дэмэндээ хөгжөе гэх нь бас нэгэн сэдэл билээ.
Монгол бүсгүйчүүд бүх талаараа хаана ч гологдохгүй улс. Бид эрүүл энх аз жаргалтай байх юм бол бидний ирээдүй хойч үе ч мөн тийм л байна. Мэдлэг боловсролын ачаар бидэнд биеэ үнэлэхээс өөр олон сонголт бий болсон. Өөрөө өөрөөрөө байж, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөн өөрийгөө хөгжүүлж гэмээнэ, бид жинхэнэ утгаараа өөрөө өөрийнхөө эзэн болох буйзаа.